Монгол Улсын гаалийн албаны үүсэл, хөгжил, дүрэм журам
Олноо өргөгдсөний 2 дугаар оны зуны тэргүүн сарын 2 (1912 оны 6 дугаар сарын 2)-нд Сангийн яамнаас Богд хаанд өргөсөн бичигт гаалийн хэргийн чухлыг дурдаад, гаалийн хэргийг тусгайлан эрхлэх газар байгуулж, “Дотоод, Гадаад, Сангийн яамны дотроос хүн гаргаж, гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэх тамга цутган олгож, тусгайлан эрхлүүлэх”-ээр заасныг Богд хаан хүлээн зөвшөөрч, “Гааль хураах нь олон улсад тогтсон хэв хууль мөн тул ёсоор болгоё” хэмээн улаан бийрээр цохсон байдаг. Ингээд үндэсний гаалийн алба байгуулж, гааль хуурах зорилгоор дараах төлөвлөгөөг гаргаж байжээ:
-
-
- Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэх сайдыг сонгон, тамга олгох
- Нийслэл хүрээ, Маймаа хот, Улиастай, Хиагтад түшмэл томилж, гаалийн хороо байгуулах;
- Гаалийн хорооны газарт цэрэг суулгаж, муу самуун иргэдийг хянуулах;
- Гаалийн дүрэм тогтоож, ухуулах бичиг гаргах;
- Гаалийн хороо байгуулаагүй газарт гааль хураах үүргийг хошуу тамгын газарт даалгах;
- Гааль хураасан бичгийг хоёр хувь үйлдэж, баримт болгох;
- Хураасан мөнгөний 10 хувийг тус тусын хороо, тамгын газарт үлдээж, үлдсэн 90 хувийг улсын санд оруулах.
-
Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсаны эцэст Олноо өргөгдсөний 2 дугаар оны зуны тэргүүн сарын 8 (1912 оны 6 дугаар сарын 8)-нд Сангийн яамны бүрэлдэхүүнд Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэгч яамыг байгуулж, сайдаар нь Сангийн яамны дэд сайд Доржцэрэнг Богд хааны зарлигаар томилжээ.
Гаалийн хэргийг сайнаар явуулахын тулд гааль хураах дүрэм, журам тодорхой байх ёстой гэж үзэж, 1912 оны 6 дугаар сард “Худалдааны иргэдээс тээж авч ирсэн цай, бараа, тэдний манай харъяат олон хошуудаас худалдан авч аваачих мал, арьс шир, ноос зэргээс хураах гааль, олон хошуудад үргэлжлэн адуулсан малаас хураах бэлчээрийн гааль, гаалийн хэргийг мөчөөрхөн зөрчих, далдалсаныг хөөн гаргуулах дүрэм” зэрэг 4 анги, 16 зүйл бүхий хууль боловсруулан, хаанд аваачиж батлуулан, монгол, хятад үсгээр хэвлэн гаргасан байдаг. Ингэснээр урьд Манж Чин улсын төрийн үед хошуудад одож худалдаа хийх иргэд Журганы зангид мөнгө өгдөг байсан журмыг халж, мөн гаалийн түшмэлд мөнгө өгөхийг хориглосон шийдвэр гаргажээ. Үүнтэй нэгэн зэрэг “Монгол хүн худалдаачин иргэдийн бараа зүйлийг минийх хэмээн ов үүсгэж, гаалийн албан хаагчид монгол хүнийг гэнэдүүлж гааль авч болохгүй” гэдгийг нийтэд мэдэгдсэн ухуулах бичиг гарган тарааж байв. Мөн “Дотор газраас Монгол нутагт хар тамхи авч ирэх, худалдах, татаж хэрэглэх, тарьж ургуулахыг хориглосон бичиг” гаргаж байсан билээ. Бас 1912 оны 7 дугаар сард “гадаадын худалдаачид бу зэвсэг тээн авч ирж буй эсэхийг шалгаж байх үүргийг Нийслэл хүрээний иргэдийн хэргийг захирах түшмэлээс Гаалийн яаманд шилжүүлсэн байдаг. Ингээд гаалийн байгууллага байгуулагдсан цагаасаа эхлэн татварын албаны үүргийг давхар гүйцэтгэж ирсэн төдийгүй бас хар тамхи, галт зэвсэг хориглосон, хязгаарласан барааны хувьд хууль сахиулах үүргийг гүйцэтгэж ирсэн юм.
Дөнгөж сэргэн байгуулагдсан Монгол Улс мөнгө санхүүгийн асар их хэрэгцээтэй тулгарч, улсын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой бүх арга замыг хайж байсан билээ. Иймээс Богд хааны Засгийн газар зөвхөн хятад худалдаачдаас гааль татвар хураагаад зогсолгүй, дотоодын буюу монголчуудын хийх худалдаанаас ч гааль хураахаар шийдсэн байдаг. Ингээд 1913 онд дотоодын гааль бий болсон байна.
Гаалийн алба үүсч хөгжсөн анхны жилүүдэд Монгол Улсын төсвийн орлого, түүнд гаалийн орлогын эзлэх хувь ямар хэмжээтэй байсныг гэрчлэх дараах баримт байна:
Төсвийн жил |
1914/1915 |
1915/1916 |
1916/1917 |
1917/1918 |
Гаалийн орлого (рублиэр) |
486720 |
586000 |
977000 |
1369000 |
Төсвийн нийт орлого (рублиэр) |
673394 |
732000 |
1332143 |
1773397 |
Гаалийн орлоын эзлэх хувь |
72.2 |
80 |
73:4 |
77:2 |
Тухайн үед Хятадаас хар тамхи оруулахыг завдсан, мөн Монголоос алт гаргахыг завдсан зөрчлүүдийг гаалийн байгууллага илрүүлж байсан олон баримт байдаг. Тухайлбал, 1914 онд нэг хятад иргэн 22 боодол, 500 гаруй жин хар тамхийг 2 тэмээнд ачиж ирсэн, мөн онд өөр нэг хятад иргэн 12 боодол, 38 жин хар тамхи оруулж ирснийг илрүүлж байсан тодорхой баримтууд байна. Зөвхөн 1914 оны 11, 12 дугаар сард хятадын 5 пүүс олон удаагийн үйлдлээр нийт 1682 лан, 9 цэн, 3 фун алт гаргасан зөрчлийг илрүүлж байсан баримт байдаг.
Ардын төрийн үед буюу 1922-1924 онд гаалийн төвлөрсөн хороог Нийслэл хүрээ, Улиастай, Ховд, засын хүрээ зэрэг 4 газар байгуулахаас гадна боомтын гаалийн хороо, салбарыг зам тээврийн болон хил хязгаарын чухал гэгдэх дараах 37 газарт зохисыг үзэн байгуулахаар болжээ: Алтанбулаг, Хүдэр, Минж харуул, Анинга, Модон хөл, Зэлтэр, Хөшөө мод, Буйр нуур, Эх ахилах, Молцог элс, Харгант, Замын-Үүд, Мэргэн вангийн хошууны Шаваг сүүжит, Сулин хээр, Хоёр Богдын өвөр, Захчин гүний нутаг, Дүнхүү, Шар сүм, Өмнөд даваа, Сунган даваа, Самгалдай, Дархадын хүрээ, Үүр голын эх, Онон, Түйн гол, Манлай ван, Ачит ван, Үйзэн вангийн тамгын газар, Егүзэр хутагтын хүрээ, Тамсаг булаг, Зос жаргалант, Улаан эргийн сүм, Шилүүстэйн гол, Засагт хан аймгийн Жонон вангийн тамгын газар, Итгэмжит бэйсийн тамгын газар, Хөвсгөл нуур, Маймаа хот.
Ардын төрийн анхны жилүүдэд гадаадаас оруулах цай, даавуу, даалимба, будаа, гурил, эмийн зүйл, алтан эдлэл, булигаараас бусад боловруулсан арьс шир, минчүү, цаас, лаа, зэс, гууль, яс, эвэр, мод, хулс, ширэм, авто тэрэг, оньст машин, шалны дэвсгэр, шил, агнуурын буу зэрэгт 6%-ийн гааль, алтан шармал эдлэл, саахар, жимс, саван, сүү, тос, хунчир, давс зэрэгт 10%-ийн гааль, булигаарт 20%-ийн гааль ногдуулж иржээ. Нөгөө талаар үржлийн мал, ангийн арьс үс, үхрийн шир, алив эр мал, мод, тариа будаа, даавуу даалимба, бичгийн зүйл, бие алт зэргийг гадагш гаргахад 10-20%-ийн гааль ногдуулж байсан. Энэ нь дотоодын зах зээлийн таваар хангамжийг нэмэгдүүлэх, гол ашиг өгөх бараанд өндөр татвар ногдуулах, үндэсний гар урлал, үйлдвэрийг хамгаалах, үндэсний баялаг гадагш урсахыг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ байсан юм. 1922 онд гаалийн татварын орлого 1.5 сая лан байсан бол 1923 онд 2:5 сая болж өсчээ. 1924 онд 3.9 сая болж төсвийн нийт орлогын 56.5 хувийг эзэлж байв. Гэвч бас гаалийн орлого улсын нийт орлогын 80 хувийг эзэлж байсан гэдэг мэдээ бий (МАХН-ын III их хурлын дэлгэрнгүй тэмдэглэл, УБ, 1966 он).
Ардын засгийн жилүүдэд хувийн худалдаачдын үйл ажиллагаа хумигдаж, дотоодын гаалийн үйл ажиллагаа багассаар 1928 оны 4 дүгээр сарын 1 гэхэд бүрмөсөн хаагдсан билээ. Энэ үед гадаад худалдаа ганцхан ЗХУ-ын худалдаа, аж ахуйн байгууллагын эрхшээлд орж, ЗХУ-аас импортолсон бараа таваараас гааль хураахгүй болсноор улсын орлогод гаалиас орох орлогын хэмжээ буурч эхэлсэн. Гаалийн татварын орлогын улсын төсөвт эзлэх хувь 1927 онд 42% байсан бол 1929 онд 20.1%, 1930 онд 17.9% хүртэл буурсан.
Гаалийн байгууллага 1926-1930 онд улсын төсөвт нийт 3.5 – 6.6 сая төгрөгийн орлого оруулж байсан нь улсын төсвийн 17.9 – 42 хувийг бүрдүүлж байсан бол 1931-1935 онд жил бүр 6.7 – 14.2 сая төгрөгийг улсын төсөвт оруулж ирсэн. Энэ нь төсвийн 16.8 – 27 хувьтай тэнцэж байсан. 1941-1945 онд жилд 19.6 – 35.5 сая төгрөгийн гаалийн татвар хурааж, улсын төсвийн орлогын 11.8 – 14.5 хувийг бүрдүүлж байлаа.
Ардын төрийн болон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн (1921-1990 оны) гаалийн алба гадаад худалдаанд улсын онц эрх тогтоосон үед ажиллаж байснаараа онцлогтой юм. Гадаад худалдааны улсын онц эрхийг 1930 онд тогтоосон юм. Түүнээс хойш төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед гадаад худалдаа үндсэндээ социалист орнуудаар хязгаарлагдах болж, гадаад худалдааг зөвхөн төрийн эрх бүхий байгууллагууд гаалийн татваргүйгээр эрхлэх болсон. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Гадаад худалдааны хяналтыг сайжруулах арга хэмжээний тухай” 140 дүгээр тогтоолоор гадаадтай хийх худалдааг Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын Төлөвлөгөөний Комиссоор батлагдсан захиалгын үндсэн дээр зөвхөн гадаад худалдааны байгууллагаар дамжуулан, зохих зөвшөөрлийн үндсэн дээр явуулж байх (гадаад орнуудтай байгуулсан хэлэлцээрээр БНМАУ-д оруулах барааг Гадаад худалдааны яамны зөвшөөрлийг үндэслэн оруулж байх) журмыг хатуу баримтлахаар болсон юм. 1981 оны байдлаар манай гадаад худалдааны 98.3 хувийг социалист орнууд, түүний дотор ЭЗХТЗ (Эдийн засгийн харилцан туслах зөвлөл)-ийн орнууд орнууд эзэлж байсан.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед Сэлэнгэ аймгийн чиглэлд Сүхбаатар хот, Алтанбулаг, Цагаан-Арал, Зэлтэр, Дорнод аймгийн чиглэлд Эрээнцав, Ульханмайхан, Завхан аймгийн чиглэлд Арцсуурийн тасархай, Хөвсгөл аймгийн чиглэлд Ханх, Баян-Өлгий аймгийн чиглэлд Цагааннуур, Увс аймгийн чиглэлд Боршоогийн гол, Дорноговь амйгийн чиглэлд Замын–Үүд, Улаанбаатар хотод Улаанбатар хотын гааль, Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудалд тус тус гаалийн хороо, салбарууд ажиллаж, гаалийн хяналт шалгалт үндсэндээ зорчигчдын ачаа, тээшээр хязгаарлагдах болсон билээ. Энэ ажлыг Монгол Улсын гааль нийтдээ 100 гаруй хүний хүчээр амжилттай явуулж ирсэн байдаг. Хэрэв 1976 оны гаалийн байгууллагын нийт ажилчдын 49.4% нь дээд, тусгай дунд боловсролтой хүмүүс байсан бол 1987 онд энэ хувь хэмжээ 74.7 хувь болон өссөн байдаг.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан Монгол орны гадаад худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа жилээс жилд өсөн нэмэгдсээр түүнийг дагалдан гаалийн албаны ажлын цар хүрээ байнга нэмэгдсээр ирсэийн доорх хүснэгтээр харуулав:
IV таван жил (1966-1970) |
IV таван жилтэй харьцуулбал |
|||
V таван жил (1971-1975) |
VI таван жил (1976-1980) |
VII таван жил (1981-1985) |
||
Бүх төрлийн тээврийн хэрэгсэл |
100% |
44.4% |
94.2% |
112.5% |
Зорчин явагчид |
100% |
86.1% |
138.3% |
195.5% |
Ачаа, тээш |
100% |
90.8% |
220% |
232.2% |
Контрабандын барааг 1930-аад оноос дараах байдлаар 4 ангилан гаалийн хяналт тавьж ирсэн нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ч ач холбогдлоо алдаагүй юм:
-
-
- Буу зэвсэг, тэсрэх бодис, цэргийн хэрэглэл, хар тамхи;
- Биет алт, мөнгө, алт мөнгөн эдлэл, валют, эрдэний зүйл;
- Хятад, Япон зэрэг гадаад оронд үйлдвэрлэсэн бараа;
- Монгол, ЗХУ, бусад боциалист орнуудад үйлдвэрлэж, боловсруулсан бараа.
-
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед валют, валютын үнэт зүйлийг улсын хилээр нарийн нууц аргаар хууль бусаар нэвтрүүлэх ажиллагааг гаалийн ажилтнууд самбаачлан илрүүлж, улсын эдийн засаг, валютын онц эрхийг хамгаалахад ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж ирснийг дараах баримт харуулж байна:
IV таван жил (1966-1970) |
IV таван жилтэй харьцуулбал |
|||
V таван жил (1971-1975) |
VI таван жил (1976-1980) |
VII таван жил (1981-1985) |
||
Гаалийн хураамж ба бусад орлого |
100% |
27.3% |
65.8% |
228.5% |
Контрабандын хэрэг |
100% |
70.3% |
336.9% |
291.2% |
Зах зээлийн үеийн гаалийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа
Гаалийн байгууллага 1990 он хүртэл Гадаад худалдааны яам (хожим нь Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яам)-ны бүтцэд ажиллаж байгаад Засгийн газрын 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101 дүгээр тогтоолоор Засгийн газрын дэргэдэх Улсын гаалийн ерөнхий газар болсон. Улсын гаалийн ерөнхий газрын төв аппарат 1991 оны байдлаар Хууль, хяналтын хэлтэс, Тариф, статистикийн хэлтэс, Санхүүгийн хэлтэс, Боловсон хүчний тасаг, Хэрэг бүртгэх алба гэсэн үндсэн 5 нэгжтэй, Монгол Улсын нийт гаалийн системийн хэмжээнд 156 хүнтэй ажиллаж байсан.
Гаалийн байгууллага 1991 оны Гаалийн шинэ хуулийн дагуу хилийн болон гүний гаалийн байгууллагын зохион байгуулалтад орж, гаалийн хороодыг гаалийн газар, гаалийн салбаруудыг гаалийн хороо болгон өргөтгөж, харъяалалд нь зарим өөрчлөлт хийснээр Улаанбаатар хотод гаалийн 2 хороо байсныг нэгтгэн, Амгалан, Толгойт, Материалимпекс хангамжийн нэгдэл, Техникимпорт хангамжийн нэгдэл, Хүнс, бөөний худалдааны нэгдэл дээр гүний гааль байгуулж, Багануурын гаалийн салбарыг Улаанбаатар хот дахь Гаалийн газарт харъяалуулан, удирдлагыг нь төвлөрүүлсэн байна. Түүнчлэн Дорнодын Эрээнцав дахь гаалийн хороог татан буулгаж, Чойлбалсан хот дахь Гаалийн газар, Өмнөговийн Гашуунсухайт, Баян-Өлгийн Даян, Дорондын Хавирга, Ховдын Булган, Говь-Алтайн Бургастайд гаалийн салбар байгуулжээ.
Энэ үед БНМАУ-ын Бага хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолоор импортын барааны гаалийн татварын тарифыг 15 хувиар тогтоож, шаардлагатай тохиолдолд импортын зарим нэрийн барааг гаалийн татвараас чөлөөлөх, экспортын зарим нэрийн бараанд гаалийн татвар ногдуулах эрхийг Засгийн газарт олгосон байна. Ингэснээр гаалийн байгууллага 1991 онд 294.7 сая төгрөгийн гаалийн татварын орлого бүрдүүлжээ.
Монгол Улсын Үндсэн хууль 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр шинэчлэн батлагдаж, Монгол Улс зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орсон юм. Ингээд гаалийн байгууллага барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэхийн зэрэгцээ гаалийн болон бусад татвар (1993 оноос НӨАТ, 1994 оноос Автобензин болон дизелийн түлшний албан татвар, 1995 оноос архи, пивоны онцгой албан татвар, 1997 оноос автомашины онцгой албан татвар) хураан авах, хоёрт талт болон олон талт гаалийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн гадаад харилцааны төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх төрийн нэг чухал байгууллага болж төлөвшин хөгжих замнал эхэлсэн юм.