Өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ажиллалаа. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зураг төсөл хийгдэх үед олон улсын зорчигч тээврийн ачаалал жилдээ 500-600 мянга байсан бол одоо энэ тоо гурав дахин нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор гарч буй хүндрэл бэрхшээл, ачааллыг хэрхэн зохицуулж буй талаар танилцаж, цаашид нисэх буудлын үйлчилгээг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, техник технологи, хүний нөөцийн хэрэгцээ шаардлагын талаар ярилцлаа.
Зорчигчдын ирэх болон явах нэвтрэн өнгөрөх хугацааг олон улсын жишигт нийцүүлж хурдыг нэмэгдүүлэх. Энэ хүрээнд мэргэжлийн хяналт, гааль, гадаадын иргэн харьяатын байгууллагууд хүн хүч болон хяналт шалгалтын рентген төхөөрөмжүүдийнхээ тоог нэмэгдүүлэх, иргэд цахим гарцаар хурууны хээгээ уншуулаад гарах төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Мөн хилийн хяналтын байгууллагуудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлнэ.
Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тус салбарын хөгжилд агаарын тээврийн салбар онцгой үүрэг гүйцэтгэх учир олон улсын жишигт нийцсэн чирэгдэлгүй, шуурхай, найдвартай үйлчилгээг бий болгох нь чухал юм.