Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын удирдах түвшний албан хаагчдыг оролцуулсан “Төрийн албаны үнэт зүйлд суурилсан байгууллагын соёл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагын болон ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх бодлогын баримт бичиг, арга зүй, хэрэглэгдэхүүнийг боловсруулж төрийн байгууллагуудад туршин нэвтрүүлэх ажлыг уг төслөөс зохион байгуулж байгаа юм. Энэ дагуу 2022 онд “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг бэхжүүлэх нь” дэд төслийг хэрэгжүүлэх замаар төслийн туршин нэвтрүүлэлтийн үр дүнг бэхжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, төрийн байгууллагын үр дүнг дэмжих хүний нөөцийн удирдлагыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх нь төслийн гол зорилго юм.
Уулзалт-хэлэлцүүлэгт Гаалийн ерөнхий газрын газар, хэлтсийн дарга, гаалийн улсын ахлах байцаагч зэрэг удирдах түвшний 20 гаруй албан хаагч хамрагдаж, цаашид төрийн байгууллагын үр дүнг дэмжих хүний нөөцийн удирдлагыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах зэрэг дээр дурдсан асуудлаар цаашид багц сургалт авах, сургагч багш бэлтгэх боломжийн талаар харилцан санал солилцож хамтран ажиллахаар боллоо.