Дэлхийн гаалийн байгууллагаас тус байгууллагын Гишүүн орнуудын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг болгох, Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2014 онд “Меркатор хөтөлбөр”-ийг эхлүүлсэн.
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Гишүүн орны гаалийн байгууллагын чадавхыг “Хууль эрх зүй, үйл ажиллагаа, хүний нөөц болон бусад чиглэл”-ээр орчин үеийн гаалийн байгууллагын стандарттай харьцуулан дүн шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, цаашид сайжруулах зөвлөмж, чиглэлийг үндэсний онцлогт нь зориулан боловсруулахад чиглэнэ.
Дэлхийн гаалийн байгууллагын зөвлөх баг Гаалийн ерөнхий газарт 2022 оны 9 дүгээр сарын 11-22-ны өдрүүдэд ажиллах бөгөөд Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт тусгасан 36 арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдал, “Гаалийн байгууллагын гүйцэтгэл”-ийг иж бүрнээр нь үнэлж, олон улсын стандартад ойртуулахад дэмжлэг болох төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх болно.