Шинэ үеийн гаалийн байгууллага үүсэж хөгжсөний 110 жилийн ойн хүрээнд гаалийн байгууллагын ахмад, залуу үеийн уулзалт арга хэмжээ 2022 оны 9 сарын 21-ний өдөр Гаалийн ерөнхий газрын хурлын зааланд боллоо.
Гаалийн ерөнхий газрын дэд дарга Т.Энхтайван уулзалтыг нээж, хүндэт зочноор оролцсон Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, нийгмийн ухааны доктор, профессор Т.Лхагваа “Гаалийн байгууллагын түүхэн замнал, уламжлал”, ахмад багш, гаалийн итгэмжит зөвлөх Ж.Булган “Гаалийн байгууллагын үйлчилгээ”, МУИС-ын Бизнесийн сургуулийн профессор Н.Батнасан “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн стратеги бодлого ба гаалийн хөгжил, хандлага”, гаалийн итгэмжит зөвлөх Д.Довчинсүрэн “Гаалийн улсын байцаагчийн ёс зүй, төлөвшил” сэдвээр тус тус илтгэл тавьж залуу гаальчид сонирхсон асуултаа асууж, харилцан ярилцлаа. Гаалийн ерөнхий газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч, Дэлхийн гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын зөвлөх, доктор, Д.Цэндсүрэн модератороор ажиллаа.
Энэхүү уулзалтыг Дэд дарга Г.Энхтайван дүгнэж хэлсэн үгэндээ, манай байгууллагын ахмад, залуу үеийг холбох, ахмад гаальчдын туршлага, мэдлэгийг шинэ залуу үедээ өвлүүлэх, төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, эрхэмлэж явах ёстой олон чухал асуудлыг хөндөж чадсан чухал ач холбогдол бүхий уулзалт болж байгааг онцлон тэмдэглээд, цаашид ийм уулзалтыг уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо.